“Боловсрол суваг" телевиз, "Бюро 24/7” дижитал сэтгүүлийн уран бүтээлчдийн хамтран зохион байгуулсан Монголын загварын ертөнцөд цоо шинэ дүр төрх бий болгох зорилготой “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалт болж шилдгүүдээ тодруулсан. Олон арван сард ганц нэгхэн удаа болдог загварын шоунуудаас илүүтэйгээр Монголчуудын ярианы сэдэв болж, үргэлж олны анхаарлын төвд байсан тус шоуны ялагчаар хувийн дугаар “1”, оролцогч Б.Цэрэндолгор шалгарав. Харин загвар өмсөгч Ю.Балжидмаа 48 оноогоор хоёрдугаар байр, Т.Номин-Эрдэнэ 39 оноогоор гурав дугаар байрт тус тус шалгарсан билээ.
Загвар өмсөгчид зүгээр нэг гоё хувцас өмсөөд камерын өмнө гардаг ганган хүүхнүүд биш гэдгийг тус шоу харуулж чадлаа. Өмнө нь олны анхаарлыг татсан, том модель шалгаруулах ийм шоу болж байгаагүй билээ. Зохион байгуулагчдын зүгээс дугаар бүртээ шинэ шинэлэг зураг авалтын санааг бий болгож, оролцогчдын чадварыг жинхэнэ утгаар нь сорьж, тэднийг хөгжүүлж чадсан гэдэгт үзэгчид хийгээд моделиуд ч итгэлтэй байгаа болов уу.
Цаатан түмний ёс заншлыг харуулж, тэдний мартагдах шахсан өв уламжлал, хувцасны соёлыг олон нийтэд сурталчлан харуулахаа ч тэд мартсангүй. Цаатан түмний урцанд авахуулсан зургуудаас Б.Цэрэндолгорын зураг шүүгчдэд өндөр үнэлэгдэж байсан юм.
Ер нь нэвтрүүлэг эхэлснээс хойш үзэгчид Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Ану-Үжин нарыг сайн, муугаар шүүмжилж эхэлсэн. Мэдээж Т.Ану-Үжин тус шоуны хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсан хэдий ч финалд шалгарч чадаагүй. Сүүлчийн шалгаруулалтын толбогүй цагаан тайзан дээр Т.Ану-Үжин, Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор гурав зэрэгцэж зогссон бол жинхэнэ шударга шүүлт болох байсан талаар зарим үзэгчид сэтгэгдлээ илэрхийлээд ч амжсан. Юутай ч энэхүү асуудлыг олны дунд хариулт болгон үлдээгээд гол яриандаа ороё.
Анх ээжийнхээ зөвлөснөөр “Шилмэл” загварын агентлагт явж, Э.Сэлэнгэ багшаараа хичээл заалгаж байсан Б.Цэрэндолгор Ариунаа Сүригийн урласан “Save Mazaalai” коллекцийн загварыг хүмүүст танилцуулах үеэр зураг авалтанд оролцож үзэгчдэд танил болжээ.
Түүний харцнаас дайчин, зоримог чанар нь харагддаг бөгөөд энэ нь зураг авалт бүр дээр мэдрэгдэж байсан юм. Мөнхүү үзэгчдэд таалагдсан хайр татам зан чанар түүнд бий. Тэр өөрийн хэлэх гэсэн зүйлээ олны дэргэд, хэнээс ч үл хамааран хэлчихдэг шулуун шударга зантай нэгэн. Анх Ю.Балжидмаагийн талаар “Өнөөдөр мисс, моделио ялгаж чадахгүй хүн энд орж ирээд хүнд томроод байна гэдэг тэнэг хэрэг” гэж ярьсан нь үүний томоохон нотолгоо болно.
Охид өвдгөө чичрүүлэн хүйтэн ус руу орж ядан байхад тэр зүгээр л алхаад орчихсон. Өвлийн тайгад зураг авахуулж байхдаа хэдий даарч байсан ч бусдыг хүндэтгэж байгаа нь түүнийг ямар ухаалаг болохыг үзэгчдэд хэлээд өгсөн юм.
Б.Цэрэндолгор “Би ганцаараа биш, энд маш олон хүн ажиллаж байна. Тэд бүгдээрээ даарч байгаа гэж” бодсон тухайгаа ярьсан. Моделиуд хоосон толгойтой, бие хаа, царай зүсээрээ гайхуулдаг хүмүүс гэх олон нийтийн хандлагыг тэр өөрчилж чадсан нь хамгийн талархууштай явдал байв.
Тэрээр “Unen.mn” сайтад өгсөн ярилцлагадаа “Шууд харсан хүнд миний дүр төрх онцлогтой юм шиг санагдах байх. Би өөрийгөө хэзээ ч өвөрмөц төрхтэй гэж бодож байгаагүй. Олон хүн тэгж хэлдэг ч өөрийгөө толинд харахаар тэгж санагддаггүй. Монголын загварын томоохон төлөөлөл болсон хүмүүс намайг өвөрмөц царайтай гэж хэлж байсан. Түүнд маш их урамшсан. Би уран зохиолын ном их уншдаг. Яагаад ч юм бэ уран зохиолоос өөр төрлийн ном уншдаггүй. Ийм төрлийн ном хүний төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг” гэж ярьсныг түүний фэнүүд, уншигчид андахгүй мэдэж буй.
Басхүү нэг онцлууштай зүйл нь түүний ээж юм. Оролцогчид шоуны 8 дахь дугаарын үеэр ээжтэйгээ зураг авахуулж хоорондоо өрсөлдсөн бөгөөд охиноосоо дутахгүй бие хаа, царай зүстэй Б.Цэрэндолгорын ээж үзэгчдийн ярианы хамгийн том сэдэв болж байв. Үүгээрээ “Mongolia’s next top model” шоуны бас нэгэн ялагч нь Б.Цэрэндолгорын ээж Д.Нарантуяа гэж хэлж болно. “Хэн нь ээж, хэн нь охин нь юм бэ”, “Цэрэндолгорын ээж түрүүлээсэй, би лав 100 хувь дэмжинэ” гэх мэт наргиантай олон асуулт, сэтгэгдлийг ар араасаа дагуулсан тэрээр ялагч тодрох мөчид ч тайзан дээр том моделиудаас дутахгүй харагдаж байлаа.
Ямартаа ч Б.Цэрэндолгор “Гоёл” наадмын тайзнаас төрөөгүй анхны топ модель боллоо. Түүний амжилт энэ хүрээд эцэс болчихгүй гэдгийг тэр өөрөө, мөн үзэгчид ч мэдэж буй. Цаашдаа дэлхийн томоохон загварын ангентлагуудтай гэрээгээр ажиллах боломж, үүд хаалга нээлттэй байна.
Зураг авалт бүртээ монгол эмэгтэйн онцлог шинжийг үзүүлэхийг зорьж, түүхэнд мөнхөрсөн дайчин эмэгтэйчүүд шиг харагдахыг илүүд хүсдэг Б.Цэрэндолгорыг ялагчаар тодруулсан нь хамгийн зөв алхам ч байж болох юм. Үр дүнг нь цаг хугацаа харуулах биз ээ.
“Хувьсал”-ын гурван бүсгүй халуухан эрчүүдийг “ангуучилж” явна
Дэлгэцийн тав дахь уран бүтээлээ үзэгч олонд өргөн бариад байгаа “Хувьсал” продакшины авьяаслаг бүсгүйчүүд сонирхуулах зүйл ихтэй яваа нь мэдээж. Өмнөх уран бүтээлүүд шигээ үзэгчдийг дахин байлдан дагуулж, кино урлагийн ертөнцөд ээлжит нэгэн тэсрэлтийг хийгээд байгаа тэдний хувьд царайлаг, авьяаслаг залууст тун ч “нугасгүй” бололтой. Охид хүүхнүүдийн харцыг татаж, хайрыг булаасан халуухан залуусыг ёстой л нэг ангуучилж яваа гэнэ шүү, цаана чинь.
Урлагийн сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор бичигддэг МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын хувьд хэр баргийн эрчүүдийг сонирхож, шохоорхох нь юу л бол... Энэ тал дээр яггүй нарийн мэдрэмжтэй, басхүү сонголт сайтай гэдгээ хэд хэдэн удаа батлаад авсан “Хувьсал”-ын гурван бүсгүй одоо ч бүр мундаг ангуучид болоо биз. Тэдний ангуучилсан халуухан, залуухан, царайлаг, авьяаслаг эрчүүд тэр даруйдаа л олонд танигдаж, өнөөг хэр нь урлагийн ертөнцөд өнгө нэмэн гялалзаж яваа нь үнэн. Тухайлбал, тус продакшины дэлгэцийн анхны уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны гол дүрд тоглосон жүжигчин Б.Энхтүвшинг танихгүй хүн ховор байх. БНСУ-д жүжигчний мэргэжлээр суралцаад ирсэн тэрбээр амьдрахын эрхэнд буруу зам руу хальтирсан хөөрхийлөлтэй нэгэн бүсгүйг хайрлан халамжилж буй цагдаа залуугийн дүрээрээ үзэгч олноос өндөр үнэлгээ авсан удаатай. Тиймдээ ч уран бүтээлийн олз омог дүүрэн байж “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Зүрх зогсохгүй” зэрэг нэлээд хэдэн кинонд тоглоод амжсан адтай эр.
Харин дэлгэцийн хоёр дахь бүтээл болох “Зүрхээр наадагч” кинондоо жүжигчин бүсгүйчүүд маань “Азийн топ модель” О.Мөнхдалайг сонгосноор урлагийн ертөнц дэх хүсэмжит залуусын тоо нэгээр нэмэгдсэн гэхэд хилсдэхгүй. Хэний ч сэтгэл татам царайлаг, орчин цагийн шилдэг бизнесмэн залуугийн тэр гайхалтай бие бялдар, дур булаам инээмсэглэлийг зөвхөн загварын тайзан дээрээс бус дэлгэцийн бүтээлээс ч харж болохыг баталж, мань эр жинхэнэ утгаараа охидын “зүрхээр наадаж” орхисон. Түүнээс ч болсон уу, яасан. Эхнэр нь бас загвар өмсөгч, бүр тэднийх гурван хүүхэдтэй гэдгийг мэдсэн хэрнээ үзэгч фэнүүдийнх нь тоо одоо хэр нь цөөрөөгүй гээд бод доо. Гавьяат У.Уранчимэгийн хатуу шаардлага, өндөр шалгуурыг бүрэн давж "Хувьсал"-ын нэгэн хэсэг болж чадсан О.Мөнхдалай ч хэн болохоо харуулсаар яваа. Тэрбээр орчин цагийн охид хүүхнүүдийн хүсэл мөрөөдөл болсон баян, царайлаг, сайхан сэтгэлт залуугийн дүрээ бүрмөсөн эвдэж, сэтгэл сэрдхийлгэм хүйтэн төрхтэй өөдгүй нэгний дүрд хэрхэн хувирч орсноо "Миний нууц"-аар харуулаад байгаа.
Тэгвэл өнгөрсөн жил дэлгэцэнд гарсан “Атганд үлдсэн эрдэнэ” киногоороо “Хувьсал”-ынхан ахиад нэг Ромьеог тодруулсан нь УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр. Одоо цагт бараг л үгүйлэгдэх дөхөөд байгаа жинхэнэ “тос даасан” Монгол эр хүний нүнжигтэй зан, уужим ухаан, баргилдуу инээдийг ёстой л товхийтэл харуулсан даа, энэ нөхөр. “Орчин цагийн Ромьео” гэгдэж, олны анхааралд өртсөн театрын сайхан залуу маань төд удалгүй “Ромьео Жульетта” жүжгийн гол дүрд тоглосноор аргагүй л охидын шүтээн болсноо бататгаад авсан.
Энэ жилийн хувьд, ихээхэн шуугиан тариад байгаа “Миний нууц” киноноос нь үзвэл бас л часхийсэн сонголт хийжээ, тэд. Өмнө нь хэд хэдэн кинонд тоглосон ч төдийлөн олонд танигдаж амжаагүй залуу жүжигчин Б.Билгүүн адтай хүүхнүүдийн овоо хараанаас аанай л мултарсангүй. Бүр дөч гарсан насандаа дүүмэд залуусыг өөртөө дурлуулсан шигээ гунхаж яваа эрхэм гавьяатын маань нууцхан хайрыг тэр эзэмдээд авсан гэж байгаа. Дур хүсэлдээ шатах мэт очтой гэрэлтэх цоргисон харц, халуухан тэврэлтээс нь түүний хүүхдэрхүү ч гэмээр хөөрхөн төрх бараг юу ч харагдахгүй гэж мэд. Зүгээр л тэр чигээрээ ХАЛУУХАН эр, үсэрч очоод л тэврүүлмээр гайхалтай дүр зураг...
Ийм л сонирхолтой, бас ч гэж “амттайхан” сонголт хийдэг “Хувьсал”-ын гурван бүсгүй дараагийн удаад чухам хэнийг ОНИЛОХ бол доо. Өдгөө бүх кинотеатрт гарч байгаа “Миний нууц” киногоо үзэгч фэнүүддээ хүргээд удалгүй дараагийн уран бүтээлдээ орсон гэх тэдний сэтгэлийг чухамдаа ямархан “соронз” татахыг одоо харах л үлдлээ. Эрчүүдийн “ангуучид” ч энэ мэт олон л нууцаа задлах нь дээ, ер нь.